feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

NBA нэрний учиг #1



Америкчууд бүхнийг өөрсдийнхөөрөө, бусдаас ялгаатай хийх гэдэг зантай улсууд. Спортод л гэхэд зөвхөн хотоороо, оршин суугаа газраараа овоглоод баг байгуулдаг Европын уламжлалыг эвдэн, ард нь заавал бэлгэдлийн утга бүхий дагавар нэр дагуулдаг тогтолцоог бүрдүүлсэн билээ.
Ан амьтан, техник хэрэгсэл, нутгийн онцлог гээд ямар нэг утга учир агуулсан нэр өгдөг энэ хэлбэрийг бид Америкийн мэргэжлийн том лигүүдийн жишээгээр мэдэх билээ.
Чухам ямар утга, учиртай нэрийг багууд авсан байдгийг цувралаар хүргэж байна.

АТЛАНТИК ДИВИЗИОН
БОСТОН СЕЛТИКС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Массачусетс мужийн Бостон хот
NBA-гийн эхлэл гэж хэлж болох Америкийн сагсан бөмбөгийн холбоо (ВАА) үндэс сууриа тавьсан жил “Бостон Гарден Арена”-гийн эзэн Уолтер Браун хотдоо баг байгуулжээ. Ингээд хотын иргэдийн дунд ямар нэр өгөх талаар санал асуулга явуулахад “Хуй салхи”, “Олимпианс” гэхчилэн олон хувилбар ирсэн байна. Гэвч Браун өөрөө “Селтикс” (Британийн арлын оршин суугчдын ерөнхий нэр) нэрийг өгсөн. Бостон хот Америк дахь шотланд, ирландчуудын өлгий бөгөөд 1914-1939 онд Нью-Йоркод “Селтикүүд” гэдэг сагсан бөмбөгийн шилдэг баг байсныг мөн бодолцсон хэмээн тэр тайлбарласан байна.

ТОРОНТО РЭПТОРС
Байгуулагдсан он: 1995
Байршил: Канадын Онтарио мужийн Торонто хот
NBA Канад руу хүрээгээ тэлэхээр болж, Ванкувер, Торонто хотын багуудад 1995-96 оны улирлаас эхлэн тоглох боломжийг олгосон. Үүний өмнө нэр сонгох аян өрнүүлэхэд хамгийн олон дурдагдсан амьтны голдуу 10 нэрийг багийн эзэд мэдэлдээ авсан байна. Ингээд эцэст нь “Рэпторс” гэсэн үгийг сонгожээ. Тухайн үед “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” кино ид гарч байсан нь энэ нэр сонгогдоход нөлөөлсөн гэж үздэг.

НЬЮ-ЖЕРСИ НЕТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Нью-Жерси мужийн Ист-Рутерфорд хот
Анх Нью-Жерсид байгуулагдахдаа “Американс” нэртэй байсан ба 1968 онд Нью-Йорк руу шилжиж, нэрээ “Нетс” болгон өөрчилсөн. Сагсан бөмбөгийн гол хэрэглэлийн нэг тороор багаа нэрлэсэнд давхар учир шалтгаан бий. Нью-Йоркийн мэргэжлийн спортын бусад баг “Метс”, “Жетс”-ийн хэмнэл, хэллэгтэй ойролцоо үг сонгосон нь энэ юм. 1977 онд буцаад Ист-Рутерфордод очихдоо нэрээ хэвээр үлдээсэн ба “Нетс” 2011 оноос Бруклинд шилжин тоглох болно.

НЬЮ-ЙОРК НИКС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Нью-Йорк мужийн Нью-Йорк хот
XVII зуунд Америкт хөл тавьсан голландчууд өнөөгийн Нью-Йорк хотыг бүтээн босгогчид юм. Тиймээс тус хотын голлох өнгө нь улбар шар байдаг. 1946 онд тус багийн үүсгэн байгуулагч Нед Айриш “Никербокерс” нэрийг сонгосон нь учиртай. Никербокер нь хотын нэр Нью-Йорк гэдэгтэй адил утга бүхий голланд үгийн хувирсан хэллэг ба өдгөө “Никс” хэмээн товчлон хэлэх болсон.

ФИЛАДЕЛЬФИ СЕВЕНТИ-СИКСЕРЗ
Байгуулагдсан он: 1939
Байршил: Пеннсильваниа мужийн Филадельфи хот
“Сиракьюз Нэшнлс” баг 1963 онд Филадельфи руу нүүгээд нэрээ сольжээ. Жилийн өмнө уугуул баг “Уорриорз” нь Сан-Франциско руу шилжсэн байсан тул филадельфичууд дахин багтай болсондоо туйлын баяртай байв. Ингээд 1776 онд тус хотод Америкийн тусгаар тогтнолын бичигт гарын үсэг зурсныг бэлгэдэн “Севенти-Сиксерз” нэрийг сонгожээ. Одоо үүнийг “Сиксерз” хэмээн товчлон дууддаг болоод байна.

ТӨВ ДИВИЗИОН
ДЕТРОЙТ ПИСТОНС
Байгуулагдсан он: 1941
Байршил: Мичиган мужийн Оубурн Хиллс хот
Автомашины моторын эд анги үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг Фред Золнер гэгч эр төрөлх Форт Уэйн хотдоо NBL-д тошлох багийг байгуулан, өөрийн ажил үйлстэй холбоотойгоор “Pistons” (Бүлүүр) хэмээн нэрлэжээ. 1948 онд тус баг NВА-д орж, тэр хэрээр нэр хүнд өсөн бяцхан хотдоо томдох болов. Ингээд Золнер 1957 онд багаа Детройтын харьяат болгосон ба “Пистонс” Моторын гэгддэг Америкийн автомашины үйлдвэрлэлийн нийслэлд очсоноор нэр нь тун нийцтэй болжээ.

КЛИВЛЕНД КАВАЛЬЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Охайо мужийн Кливленд хот
Бусад багийн жишгээр оршин суугчдаасаа санал аваад, удирдлагууд нь таалагдсан нэр дээр сонгууль явуулахад “Кавальерс” ялсан байна. Энэ нэрийг санал болгосон Жерри Томко “Юунаас ч үл айх зоригтой, дайчин эрсийг бодож морин цэргүүд гэсэн үгийг сонгосон” хэмээн ярьжээ.

ЧИКАГО БУЛЛЗ
Байгуулагдсан он: 1966
Байршил: Иллиноис мужийн Чикаго хот
Багийн эзэд анх “Матадор”, “Тореадор” гэсэн нэр өгөх талаар бодож байгаад “Бухнууд” дээр тогтжээ. Урьд нь тус хотод байгуулагдсан мэргэжлийн бусад баг дандаа нэг үет үг бүхий нэртэй байсан нь “Буллз” гэсэн үгийг сонгоход гол нөлөө үзүүлсэн байна. Энэ нэр нь их хүч чадал, тэсвэр хатуужлын бэлгэдэл аж.

ИНДИАНА ПЕЙСЕРС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Индиана мужийн Индианаполис хот
Анх АВА-д хүч сорьж байгаад 1976 онд NBA-д элссэн тус багийн хөрөнгө оруулагчид хэлэлцээд “Жороо морь” гэсэн утга бүхий энэ нэрийг авчээ. Индиана муж нь морин уралдаанаар Америкт алдартай бөгөөд нутгийнхаа онцлогийг сагсан бөмбөгийн багийн нэрэнд ийн оруулсан байна. Дашрамд сонирхуулахад авто уралдааны пейс-кар гэсэн үг энэ мужийнхнаас үүсэлтэй ба одоо Индианаполист “Инди-500” нэртэй алдартай уралдаан болдог билээ.

МИЛУОКИ БАКС
Байгуулагдсан он: 1968
Байршил: Висконсин мужийн Милуоки хот
Багт нэр өгөх санал асуулгад 14 мянган хүн оролцсоноос Уайтфиш-Бэйгийн уугуул Требликокс гэдэг хүний дурдсан “Буга” гэсэн нэр удирдлагуудад илүүтэй таалагджээ. Требликокс Милуокигийн багт оновчтой нэрийг өгснийхөө төлөө машинаар шагнуулж байсан гэнэ. Висконсин нь Америкийн хамгийн олон буга амьдардаг муж ажээ.

ЗҮҮН ӨМНӨД ДИВИЗИОН
ОРЛАНДО МЭЖИК
Байгуулагдсан он: 1988
Байршил: Флорида мужийн Орландо хот
Хот нь NBA-д багтай болох сургаар орландочууд аль хэдийнэ нэрээ сонгочихсон байжээ. Оршин суугчдын дунд явуулсан санал асуулгад “Хит”, “Мэжик”, “Жүис”, “Тропикс” гэсэн дөрвөн үг хамгийн олон нэрлэгдсэн ба эднээс “Мэжик”-ийг сонгосон. Тус багийг үүсгэн байгуулагчдын нэг, урьд “Филадельфи”-г дасгалжуулж байсан Пэт Уильямс “Орландо бол ид шидийн ертөнц, хотын уриа ч “Соme to the Magic” шүү дээ” хэмээн нэрний учгийг тайлжээ.

ВАШИНГТОН ВИЗАРДС
Байгуулагдсан он: 1961
Байршил: Вашингтон хот
Анх Чикаго хотод байгуулагдахдаа “Пэкерс” (Савлагч) нэртэй байв. Дараа жил нь “Zephyrs” (Сэвэлзүүр салхи) гэж өөрчилжээ. 1963 онд Балтиморт очоод “Буллетс” (Сум) болж, 1972 онд Вашингтон шилжин 1997 оныг хүртэл энэ нэрийг авч явсан. 1997 онд багийн эзэн Эйб Поллин сум гэдэг нь хүчирхийллийн илэрхийлэл хэмээн татгалзаж, “Визардс” гэж нэрлэжээ. Энэ нь хэнээс ч хүч чадал, авхаалжтай байж, гэрэлт ирээдүйг авчрахын бэлгэдсэн нэр хэмээн тайлбарласан.

Атланта Хоукс
Байгуулагдсан он: 1946
Байршил: Жоржиа мужийн Атланта хот
1946 онд байгуулагдсан тус баг Айова мужийн Дэвенпорт, Иллиноис мужийн Молин, Рок Айланд гэсэн гурван хотод “гэртэй” байжээ. Тиймээс анх “Tri-City Blackhawks” нэртэй байв. 1831 онд нутгаа харийн дарангуйлагчдаас хамгаалан индианчуудыг удирдан боссон Саук омгийн ахлагч Хар харцагыг дурсан “Black Hawks” нэрийг сонгожээ. Саук омог нь одоогийн Иллиноис мужийн нутагт байжээ. Энэ баг 1949 онд NBA-д элссэн ба 1951 онд Милуоки руу нүүхдээ нэрээ богиносгон “Хоукс” болгосон ажээ. “Харцагууд” 1955-68 онд Сент-Луист суурьшаад одоогийн байраа олсон байна.

ШАРЛОТТ БОБКЭТС
Байгуулагдсан он: 2004
Байршил: Хойд Каролина мужийн Шарлотт хот
Урьд нь тус хотод байсан “Хорнетс” Нью-Орлеан руу нүүснээс хойш төдий л удалгүй NBA-гийн 30 дахь баг Шарлоттод мэндэллээ. Сагсан бөмбөгийн ширүүн тулааныг үгүйлж байсан хотын оршин суугчид талархлаа илэрхийлж, багийн эзэн Боб Жонсоны нэр нь орсон амьтнаар (Бобкэт нь шилүүсний нэгэн төрөл) багаа нэрлэсэн. Тэгээд ч Каролина орчмын нутагт шилүүс амьдардаг байна. Боб Жонсон “Хэн ч ойд шилүүстэй таарахыг хүсэхгүй нь мэдээж. Үүнтэй адил бид бүгд цэрвэдэг баг болно” хэмээн хөөрөн өгүүлж байлаа.

МАЙАМИ ХИТ
Байгуулагдсан он: 1988
Байршил: Флорида мужийн Майами хот
Майамигийн багийн нэр сонгох сунгаанд 5000 гаруй хүн оролцсоноос “Дал мод”, “Сүүдэр”, “Эрэг” гэж нэрлэе гэсэн санал хамгийн олон иржээ. Гэвч тэднийг “Хит” гэсэн үг бутцохив. Ингэж нэрлэсний дараа оршин суугчид “Нээрээ ч Майами гэхээр хамгийн түрүүнд аагим халуун гэсэн үг толгойнд буух байх аа” хэмээн дэмжсэн байна.



0 comments:

Post a Comment