feedburner
Enter your email address:

Delivered by FeedBurner

feedburner count

Чимээгүй од

Бүтэн нэр нь Чонси Рэй Биллапс 1976 оны есдүгээр сарын 25-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрсөн. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгч. NBA-гийн “Денвер Наггетс” багт тоглодог. Хувийн дугаар 7. Биеийн өндөр 191 см, 91,6 кг-ийн жинтэй. 1997 оны драфтын ¹3-аар NBA-д элссэн. Өмнө нь “Бостон Селтикс”, “Денвер Наггетс”, “Орландо Мэжик”, “Миннесота Тимбервулвес”, “Детройт Пистонс” багуудад тоглож байсан. Эхнэр Пайнер Райли, охин Сидней Рени, Киара Рай нарын хамт амьдардаг. Хоч нь “Stooth”. 2 рас, Jay-Z нарын дууг сонсох дуртай.

Хувийн дээд амжилт
Тоглосон минут 51
Оноо 37
Самбар 12
Оновчтой дамжуулалт 19
Бөмбөг таслалт 7
Блок шот 3



NBA-гийн шилдэг холбон тоглогчдын нэг Чонси Биллапс өсч төрсөн Денвер хотынхоо багт найман жилийн дараа эргэн ирээд байгаа билээ. Түүнийг төрөлх хотынх нь хөгжөөн дэмжигчид ч халуун дулаан уур амьсгалтай угтсан. Учир нь тэрбээр дунд сургуульд байхдаа л Денверт төдийгүй муждаа алдарт гараад байв.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрэмжит дунд сургуульд суралцах хугацаандаа Биллапс дөрвөн жил дараалан мужийнхаа нэгдүгээр багт нэрлэгдэж, “Colorado Mr.Basketball” шагналыг гурван удаа хүртсэн. Улмаар дунд сургуулиа дүүргээд тэрбээр Колорадогийн их сургуульд элсэж сагсан бөмбөгийн багийг нь чамгүй өндөр амжилтад хүргэсэн юм. NCAA-гийн 55 тоглолтод оролцохдоо 18,5 оноо авч, 5,1 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багийн лидерийн үүргийг гүйцэтгэж байлаа. Улмаар хоёр жил NCAA-д тоглосны дараа 1997 оны драфтад тэрбээр нэрээ дэвшүүлснээр мэргэжлийн сагсан бөмбөгч болох үүд нээгдсэн түүхтэй. Тухайн үед түүнтэй хамт Тим Данкан, Кейт Ван Хорн нар NBA-д элсэж байжээ.

Биллапс дээрх тоглогчдын дараагаар гуравдугаарт бичигдэн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс”-т хуваарилагдлаа. Анхны улиралдаа тэрбээр 51 тоглолтын 44-т нь багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тоглож 11,1 оноо, 4,3 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Энэ нь “Бостон”-ы удирдлагуудыг гонсойлгоход хүрчээ. Дараа онд нь түүнийг “Бостон” “Торонто” руу явуулж илүү туршлагатай Кенни Андерсонг авсан юм. Хожим энэ наймаа аль алинд нь тус болоогүй аж. “Торонто”-д Биллапс гэмтлийн улмаас 29 тоглолтод л оролцож өмнөхөөсөө амжилт нь уруудсан юм. 1998 онд түүнийг баг нь дахиад л наймаалцсанаар тэрбээр гурав дахь жилдээ багаа солин нэр алдар нь муудав.

Энэ үед түүнийг төрөлх хотын “Денвер” багийнхан өөрийн болгосноор мандан бадрах боломж гарч ирсэн. Гэвч тэрбээр улирлын тэн хагасыг бэртэлтэй үджээ. Дараа он нь түүний амьдралын хамгийн бараан жил байсан нь дамжиггүй. Учир нь мөн л бэртэл гэмтэлтэй холбоотой. Улирлын 82 тоглолтын ердөө 13-т нь л Биллапс талбайд тогложээ. “Денвер”-т өнгөрүүлсэн хоёр жил үр дүнд хүрээгүй тул Чонсиг “Денвер”, “Миннесота”-д өгчээ.

Энэ удаад түүнийг Кевин Гарнетт тэргүүтэй “Миннесота”-гийн “хөвчийн чононууд” угтаж авсан. “Миннесота” түүнийг эхний улиралдаа зургаа дахь тоглогчийн хувиар талбайд гаргадаг байв. Харин 2001-2002 оны улиралд Биллапс анх удаагаа улирлын 82 тоглолтод бүтэн тогложээ. Үүнийхээ 54-т нь гараанд гарч багаа плей-оффт шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн юм. Харамсалтай нь түүний баг плей-оффын эхний шатнаас л хасагдсан. Гэхдээ түүнд өөрийгөө нээх боломж гарч ирсэн юм. “Миннесота”-гийн үндсэн холбогч Террел Брэндон гэмтэл авснаар түүнд гараанд гарах боломж олджээ.

Энэ улирлын дараа тэрбээр чөлөөт агент болж олон багийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар түүний төлөөх өрсөлдөөнд “Детройт Пистонс” ялалт байгуулав. “Детройт”-д ирснээр Чонси од тоглогч боллоо. Түүнийг авсны дараа “Пистонс” зургаан жил дараалан плей-оффт үлдэж, конференцийн аваргын төлөө тоглож байгаа. “Пистонс”-ын бүрэлдэхүүнд тэрбээр эхний улиралдаа “Дорнод”-ын аваргын төлөө шалгарч, “Нью-Жерси”-гээс хожил авч чадалгүй бут ниргүүлсэн. Харин 2003-2004 оны улирал түүний амжилтын оргил үе байлаа.

Улирлыг 54 хожил, 28 хожигдолтой үдсэн “Детройт”-чууд бүстээ гуравдугаарт эрэмбэлэгдэв. Улмаар бүсийн аваргын төлөө “Индиана”-г сөхрүүлж мөрөөдлийн гэж нэрлэж болохуйц “Лос-Анжелес Лейкерс”-тэй шигшээ тоглолтод шалгарсан билээ. Түүний удирдлага дор баг нь Шакил О`Нил , Коби Брайант, Карл Мэлоун, Гэри Пэйтон нарын ододтой “Лейкерс”-ийг 4:1-ээр хожин аваргын цомыг хүртсэн.

Дунджаар 21 оноо, 5,2 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн Чонси финалын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм. Түүний дараагийн улиралд баг нь “Спэрс”-д дийлдсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хоёрт нь аварга болох хувьтай “Майами”, “Бостон” багуудад дийлдсэн. Эдгээр онуудад тэрбээр “Бүх оддын тоглолт”-д болон NBA-гийн хамгаалалтын хоёрдугаар багт нэрлэгдэж байлаа.

Харамсалтай нь сүүлийн гурван улирал багаа шигшээ тоглолтод оруулж чадаагүй тул энэ улирал эхлээд удаагүй байхад Аллен Айверсоноор сольж төрөлх хотынх нь багт шилжүүлсэн билээ. Одоогоор “Денвер” түүнийг авснаар бүсийнхээ тэргүүн эгнээнд бичигдэх боллоо. Шинэ багтаа очоод удаагүй тэрбээр өнгөрөгч улирлын аваргуудыг талбай дээр нь хожиж шуугиулаад амжсан. Од тоглогч олонтой ч сайн холбогч байдаггүй “Денвер”-т уг наймаа өгөөжөө өгч эхлээд байгаа.



0 comments:

Post a Comment